Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж өнгөрөв. Уг арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-ийн дэргэд Байнгын төлөөлөгчөөр ажилласан ахмад дипломатч, өв соёлын мэргэжилтэн зэрэг ажил амьдралаа ЮНЕСКО-той холбосон хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Тус арга хэмжээний үеэр Соёлын өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ-тай хамтран “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын 18 өвийн тухай нийт 40 орчим гэрэл зургийг тайлбарын хамт гаргаж зочдод толилуулав.
Үзэсгэлэнг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд үзэсгэлэн гарах тухай мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр зарлаж мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зургуудыг цуглуулсан. Түүнчлэн Соёлын өвийн төвийн архивт хадгалагдаж байсан гэрэл зургуудыг үзэсгэлэнд оролцуулав. Эдгээр зургийг Соёлын өвийн улсын нэгдсэн мэдээллийн санд зохиогчийн нэрээр хадгалах бөгөөд цаашид олон нийтэд зориулан гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулахад ашиглахаар төлөвлөж байна.