СББӨ-г хамгаалахад сэтгүүлчидтэй хамтран ажиллана.

Аливаа мэдээллийг нийгэм, ард түмэнд түргэн шуурхай, тэнцвэртэй хүргэдэг хүмүүс бол сэтгүүлчид билээ. Соёлын өвийг хамгаалах, тэр дундаа соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах үйл ажиллагаа тэр болгон ард түмэнд нээлттэй мэдээлэгддэггүй нь энэ салбарын онцлогтой шууд хамааралтай байдаг.


Соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг таниулан алдаршуулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг маш их юм. Тиймээс, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг СББӨ-г хамгаалах ажилд татан оролцуулах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн хэрэгжилтэд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран ЮНЕСКО-ийн итгэмжит байгууллага болох БНХАУ дахь Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.


Сургалтад Улаанбаатар хотын болон 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийт 40 хүн хамрагдав. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтын явцыг ажиглахаар CRIHAP-ийн ерөнхий захирал Лиан Бин, сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ли Тонг, Танг Хайжао, “Хятадын соёл” өдөр тутмын сонины сэтгүүлч Шүэ Шуай нар оролцсон юм.


Сургалтад Монголын Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол улс дахь Соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол улс дахь соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан ба ЮНЕСКО-ийн итгэмжит багш болох Рахул Госвами (Энэтхэг) болон Александра Денес (АНУ) нар “СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, “СББӨ ба тогтвортой хөгжил”, “Ёс зүй ба үүрэг хариуцлага”, “Урьдчилан мэдээлсэн, сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл” зэрэг сэдвээр хичээл зааж, БНХАУ-ын “Хятадын соёл” өдөр тутмын сонины сэтгүүлч Шүэ Шуай “БНХАУ-ын сэтгүүл зүйн жишээ” сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж ажиллалаа.


Танхимд заасан онолын мэдлэгийг хээрийн дадлага ажилтай хослуулах үүднээс оролцогчдыг 5 бүлэгт хувааж, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт уламжлалт аргаар мал маллан цагаан идээ боловсруулах, уламжлалт аргаар эмийн ургамал ашиглан эм хийх, Казак бий биелгээ болон эсгий ширмэл хийх, малд хануур, хатгуур хийх, уламжлалт уран хатгамал (зоосон ширээ) хийх арга ухаан, мэдлэгийг үе уламжлан өвлөж ирсэн өвлөн уламжлагчидтай уулзуулж, тэдний тутмын амьдралын хэв маяг, мэдлэг чадварыг сурвалжлах ажлыг багуудаар хийлгэв.


Сэтгүүлчдийн баг бүр сэтгүүл зүйн нийтлэл, богино хэмжээний нэвтрүүлэг, танилцуулга, ярилцлага, слайдыг бэлтгэж СББӨ-ийг баримтжуулав.


Цаашид сэтгүүлчид СББӨ-ийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулахад заавал үүрэг оролцоогоо нэмэгдүүлж ажил хэрэг болгох, энэ чиглэлийн бүтээл туурвихаар болов.


Энэхүү сургалтын үр дүнд сэтгүүлчид СББӨ-г хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцийн суурь ойлголтыг олж аваад зогсохгүй, СББӨ-г хамгаалахад өөрсдийн эрх, үүрэг, оролцоог тодорхойлж, цаашид СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж болох тухай зөвлөмж боловсруулсан юм.


Оролцогчдын бэлтгэсэн видео сурвалжилгыг эндээс үзнэ үү: