“Соёлын биет бус өв ба дээд боловсрол” сэдэвт сургалт

“Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ, ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP) болон Соёлын өвийн үндэсний төв хамтран 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Монгол Улсын их, дээд сургуулиудын багш нарт зориулан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

 

77115243_2511220315622809_1253889511356628992_o.jpg


Энэхүү сургалтын гол зорилго нь ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенцийн талаархи их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх, СББӨ-г хамгаалах, Конвенцийг хэрэгжүүлэхэд тэдний үүрэг, оролцоог тодорхойлох, их, дээд сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах явдал болно.

Сургалтыг ЮНЕСКО-гийн итгэмжит сургагч багш, мэргэжилтнүүд болох Сюзанн Ог, А.Саруул нар доорх сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгох сургалт болон дадлага ажиллуулах байдлаар зохион байгууллаа. Сэдвүүд:

  • “Монгол улс дахь Соёлын биет бус өв”,  

  • “СББӨ  ба боловсрол: Монгол Улсын байр суурь: өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, тулгарч байгаа сорил, санаа”, 

  • “Конвенцийн суурь зарчим, үзэл баримтлал”, “Боловсрол болон олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх”, 

  • “Хамт олны оролцоо, ёс зүйн дүрэм, хамрах хүрээ болон урьдчилсан мэдэж ойлгосны үндсэн дээр чөлөөтэй өгөх зөвшөөрөл”, 

  • “СББӨ ба тогтвортой хөгжил”, 

  • “Хадгалалт, хамгаалалт ба алхам бүрийн хөтөч”, 

  • “Бүртгэл ба боловсрол”, 

  • “СББӨ-ийн хадгалалт, хамгаалалт ба боловсрол”

Сургалтад МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Монгол Улсын Консерватор, Монгол Улсын Эрдмийн Их Сургууль, Отгонтэнгэр, Идэр, Ховд, СУИС-ийн Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллеж, Монголын Үндэсний Их Сургууль, Соёл эрдэм зэрэг их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд соёлын биет бус өв, соёлын өв,  угсаатан зүй, антропологи, соёл судлал, түүх, сэтгүүл зүй, аялал жуулчлалын чиглэлээр хичээл заадаг 35 багш хамрагдлаа.