Хүн төрөлхтний ой санамж болсон олон үнэт баримт, дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээр баримтат өвийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлжээ. Монгол улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын өвийн жагсаалтанд 4, Ази-Номхон далайн бүс нутгийн өвийн жагсаалтад 2 баримтат өв тус бүр бүртгэгдсэн байдаг байна.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор веб сайт хийх төслийг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны “Азийн соёлын төв”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөлөөс "Баримтат өвийг сурталчлах веб сайт хийх" төслийг 2020 оны 6-12 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн үр дүнд бий болсон www.barimtatuv.mongoluv.mn веб сайт нь баримтат өвийг олон нийтэд сурталчлан таниулах, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой бөгөөд Монгол улсаас ЮНЕСКО-гийн олон улсын болон бүс нутгийн баримтат өвөөр бүртгэгдсэн өвүүдийн талаарх танилцуулга, гэрэл зураг, баримтат кино, 3D мэдээлэл зэрэг олон талт агуулгыг хамруулсан байна.